“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэв
Харгалзах огноо: 2013-09-19|Уншсан : 165
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн хэлэлцүүлэг өнөөдөр / 2013.09.19 / НҮБ-ийн төв байранд эхэллээ. Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцон үг хэлэв. Тэрээр Үндсэн хуульд заасан эрх мэдлээ бодитоор хэрэгжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын санхүүгийн бие даасан байдал, чадамж сул байгаа нь ихээхэн саад болж байгаа талаар олон жил шүүмжилэн ярьж ирсэнийг дурдаад, шинээр батлагдан, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуулиар орон нутгийн өөрөө мэдэж зарцуулах хөрөнгө нь 2010 онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэнийг дуулгалаа.

Энэ нь улсын төсвийн 20 хувьтай тэнцэж байгааг хэлээд орон нутгийг санхүүгийн хувьд бие даалгах зорилт бодитой хэрэгжих нөхцөл бүрдэж байна гэдгийг хэлсэн. Мөн “ИТХ бол үндэсний парламентын орон нутаг дахь толь хэмээн онцлоод, Засгийн газрын орлого, зарлагын байдалд хяналт тавих нь парламентын хяналтын хамгийн гол үүрэг байдаг. Засгийн газрын орлого, зарлагад хяналт тавихын тулд төсөв батлах, түүний хэрэгжилтийг хянах, мэдээлэл урьдчилан авах эрх мэдэлтэй, төсөвт дүн шинжилгээ хийх хангалттай цаг хугацаа, чадвартай хүний нөөцтөй, олон нийтийн саналыг сонсдог механизмтай байх шаардлагатай. Эндээс төсөвт дүн шинжилгээ хийх чадвараас бусад нь өнөөдөр эрх зүйн хувьд шийдэгдсэн байгааг харж болно” гэлээ. УИХ Засгийн газрын төсвийг батлах, зарцуулалтад нь хяналт тавьж ирсэн арвин туршлагатай учир ИТХ-тай энэ туршлагаа хуваалцаж, зааж сургах зорилготойгоор “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран эхлүүлээд байна гэдгийг тэмдэглэв.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу хэлэлцүүлэгт оролцож буй төлөөлөгчдөд энэхүү чухал албанд сонгогдсонд нь баяр хүргээд, ардчиллын чухал институц болох ИТХ-ыг бэхжүүлэх, түүнд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл 2016 он хүртэл хэрэгжих бөгөөд ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэржүүлэх үндсэн зорилготой. Өнөөдөр болсон нээлтийн хэлэлцүүлэгт аймаг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 70 гаруй төлөөлөгч оролцож, ирэх жилүүдэд төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллгааны талаар санал бодлоо солилцов. Сургалт хоёр өдрийн турш үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Оруулсан огноо: 2013-09-19|Уншсан : 165
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 168802Өнөөдөр: 85
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.