Налайх, Багануур дүүргийн Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт
Харгалзах огноо: 2014-02-15|Уншсан : 114

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр /2014.02.15/ Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар Багабаян дахь “Энхийн төлөө цогцолбор”-т сургалтанд хамрагдаж байгаа Налайх, Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд хандан үг хэллээ.

Б.Болдбаатар хэлэхдээ: “Энэхүү төслийн хүрээнд орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизмыг бий болгож байна. Мөн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлага болон хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэгдэж байна” гэлээ.

   2013 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн уг төсөл нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн үндэсний сургалтыг дараах 7 сэдвийн дор явуулж байна: “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс”, “Иргэдийн оролцоо,  иргэдтэй харилцах”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах”, “Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага”, “Авлигаас урьдчилан сэргийлэх”, “Байгаль орчин – ногоон хөгжил”, “Хүний эрх ба жендэр”.

   Ардын Их Хурлын депутат, Ардчилсан Үндсэн Хууль Тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой Үндсэн хуулийг тогтоох үйл ажиллагаа, түүний зарчим, түүхийн талаар лекц уншсан юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Оруулсан огноо: 2014-02-15|Уншсан : 114
Ангиллууд

Ачааллаж байна ...

Нийт: 164480Өнөөдөр: 80
Олон нийтийн холбоосууд
Холбоос

Монгол Улсын Их Хурал. © 2012 он.